ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж нь Засгийн газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн №27 тоот тогтоолоор үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн давхардлыг арилгаж, төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллеж, Уул уурхай, эрчим хүчний политехник коллежууд нэгтгэгдэн байгуулагдсан. 

Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж нь мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг барилга, аж үйлдвэр, эрчим хүч, үйлчилгээний салбарын мэргэжлийн чиглэлд улсдаа анхлан зохион байгуулж ирсэн түүхэн туршлагаа цаг үеийн өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлтийн дагуу өргөжүүлэн хөгжүүлж нийт 6 салбарын 50 орчим мянган мэргэжилтэй ажилтныг 80 гаран жилийн турш бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Дэлхийн хөдөлмөрийн зах зээл болон технологийн дэвшил урьд өмнө байгаагүй хурдацтай хөгжиж, хүний хөгжлийн ойлголтууд эрчимтэй хувьсаж байгаа өнөө үед мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг богино хугацааны хөгжүүлэлтээр чанартай зохион байгуулахаар манай хамт олон зорин ажиллаж байна.

Бид сургалтын бодлого, үйл ажиллагаандаа үндэсний болон хүн төрөлхтний нийтлэг соёл, үнэт зүйл, өв уламжлал, шинжлэх ухааны дэвшилтэд чиг хандлагад тулгуурласан байх, тогтвортой, уялдаатай, уян хатан байх, тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх, төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай байх, насан туршийн суралцахуйг дэмжсэн байх, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд нийцсэн байх, улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хүний эрх, эрх чөлөө, төрт ёс, түүх соёлын уламжлал, үнэт зүйлсийг нандигнан өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан байх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн байх, түншлэлд суурилсан байх, хөгжлийн бодлогод нийцсэн байх, хөдөлмөр эрхлэлт, ур чадварын хөгжлийг дэмжсэн байх зарчмуудыг баримтлан ажиллаж байна.